Sunday, December 7, 2014

...Үзэсгэлэнт охь Бурхан багшийн байгаа тэр зүгт хандаж, алгаа хавсран наманчилж, зүүдэндээ үзсэн, сонссоноо нэг бүрчлэн өчиж, сэтгэлд шингэсэн дараах шүлгээ Бурхан багшид айлтгав.
Алтангэрэлт энэ хэнгэргийн дуугаар
Арван зүгийн гурван мянган ертөнц дэх
Амьтан хүний муу заяа, ядуурал, үхэл
Аливаа зовлон бүгд арилах болтугай
Тэгш хэмнэлт их хэнгэргийн дуугаар
Тэнэг мунхаглал ертөнцөд үгүй болж
Тэрс үзэлт хүчтэний аюулаас хагацаж
Тэрчлэн аймшиг бүгд устах болтугай
Ялгуусан бурхдын эрдэм орчлонд түгж
Язгууртан хийгээд эгэл хүмүүс бүгдээр
Ямагт арилсан сэтгэлийн бясалгал үйлдэж
Яндашгүй далай мэт төгс эрдэм дэлгэртүгэй
Эсрэн тэнгэрийн яруу сайхан эгшиг мэт
Энэ хэнгэргийн дуугаар хамаг амьтан
Эрхэм дээд арилсан сэтгэлийг олсноор
Эгнэшгүй буян номын хүрдийг эргүүлэн
Орчлонгийн сэтгэшгүй галвыг туулан
Олны тусын тулд номын ёсоор явж
Осол эндэлгүй, хилэнцэт сэтгэлээ дарж
Омог, тачаал, мунхагаас хагацах болтугай
Хар нүгэл, муу заяаны үйлийн үрээр
Халуун тамд тарчилж шаналсан амьтад
Хамгаас түрүүнд хэнгэргийн дуу сонсож
Хатуу бэрх зовлонгоос ангижрах болтугай
Бурханд мөргөе гэх дууг сонссон бүхэн
Бум буман жилийн төрлөө эргэн санаж
Буцашгүй төгс гэгээрэгсдийг санагалзан
Буянхишигт зарлигийг нь сонсох болтугай
Эрдэнэт их хэнгэргийн дууг сонссоноор
Эрхэм дээд бурхадтай ойртон шадарлаж
Элдэв хилэнцэт үйлээс үргэлж татгалзан
Энэрэл нигүүслийн замаар явах болтугай
Хүч чадал төгс энэхүү хэнгэргийн дуугаар
Хүлцэнгүй сэтгэлтний сайн явдлын ерөөл
Хүн, тэнгэр, асури хийгээд хамаг амьтдын
Хүссэн бүхэн нь сэтгэлчлэн бүтэх болтугай
Булхай луйвар муу үйлийнхээ үрээр
Бурхны авралаас холдон тэнүүчилж
Буцалсан халуун тамд сэтгэлээр төрсөн
Буруу үзэлтний зовлон амарлих болтугай
Там, бирд, хүний ертөнцийн алинд ч
Тарчлан шаналах зовлон барагдашгүй
Тэнцэшгүй бурхдын хэнгэргийн дуугаар
Тэдгээр зовлон бүгд барагдах болтугай
Ойр түшиг нөхөр хийгээд шүтээнгүй
Осол эндэгдлээс аврах сахиус ч үгүй
Огт юу ч үгүй тэдгээр нөхдийн
Ойртох хань, шүтээн нь би болъё
Аливаа хүмүүн төрөлхтний дээд бурхад
Асрахуй энэрэхүйн сэтгэлээр таалагсад
Арван зүгийн ертөнцөд түүнчлэн ирэгсэд
Авралдаа намайг багтаан соёрхогтүн
Алдаж эндсэн мунхаг сэтгэлийн эрхээр
Арван хүчитний нүдний өмнө үйлдсэн
Аль эрт цагийн аливаа нүгэл хилэнцээ
Айлтган гэмшиж, тус тусад нь наманчилъя
Бурхад хийгээд эцэг эхээ үл хүндэтгэн
Буяныг үл хайхран нүгэл хилэнц үйлдэж
Бяр чадал, залуу насаар дээрэлхэн
Баян чинээ, язгуур угсаагаар омгорхож
Гэмт сэтгэлээр хорон үгсийг өгүүлэн
Гэсгээл шийтгэл байхгүй мэт санан
Гэнэн бялчир нялхсын оюунаар сэтгэж
Гэрт гадаагүй гэм буруу үйлдсэн, би
Харанхуй мунхагаар муу хүнтэй нөгцөн
Хямарсан сэтгэлээр зугаа цэнгэлд автаж
Ханашгүй шуналаар эд мөнгөнд донтон
Хармын шалтгаанаар хилэнц хураасан, би
Хоосон ядуу хийгээд тачаангуйн шалтгаанаар
Хорвоогийн элдэв зүйлд хэтэрхий хутгалдаж
Хоол, хувцас, эхнэрийн тулд хэрүүл тэмцэл хийж
Хэл, сэтгэл, биеэр үйлдсэн нүглээ би наманчилъя
Авралт бурхад, ганцаар ялагч, сонссоноо дуурсгагч
Арилсан сэтгэлт баатрууд хийгээд ном айлдагч
Ариун ном хийгээд эцэг эхээ үл хүндэлсэн гэмээ
Ав адилхан илчилж, тэдгээр бүгдэд би наманчилъя
Уур хилэн, шунал тачаал, мунхаг хийгээд
Ухаан дутуу, нялхсын оюунаар сэтгэж
Учир мэдэхгүй омог бардам зангаараа
Улс амьтныг хохироосон нүглээ наманчилъя
Арван зүгийн ертөнцөд миний бие
Арван их хүчтэнг тахиж үйлдсүгэй
Арван зүгийн амьтан бүхнийг би
Аюул зовлонгоос нь гаргах болтугай
Санаанд багташгүй олон амьтан бүгдийг
Сав шимийн арван газарт байуулсугай, би
Сац бас тэдгээр газрын амьтан бүгдээрээ
Саадгүй түүнчлэн залрагсад болох болтугай
Зовлонгийн далайгаас тэднийг чөлөөлөх
Зорилго үйлсээ бүтээж чадах болтугай
Зөвхөн ганц үлдсэн ч түүний төлөө би
Зуун сая галвыг дуустал явах болтугай
Алтангэрэлт дээд номлол хэмээгдэх
Аливаа үйл бүгдийг арилган үйлдэгч
Асар гүнзгий утгат сургаал үүнийг
Амьтны тусын тулд би айлдах болтугай
Хэн боловч мянга мянган галвын турш
Хэмжээлшгүй нүгэл үйлдсэн байлаа ч
Хичээнгүйлэн ганцхан наманчилснаар
Хилэнц бүхэн нь сайтар арилах болтугай
Саад тотгорыг сайтар түргэн арилгагч
Саруул гэгээн алтангэрэлийн буянаар
Саар муу үйлээ арилган наманчилсан бүгд
Сайн эрдэнэ гарахын аравдугаар оронд төрж
Ялгуусан бурхдын эрдмийг сэтгэлдээ харж
Яхир хорвоогийн гаслангаас чөлөөлөгдөн
Яндашгүй далай мэт эрдэм хийгээд бурханд
Явдал мөр зэргэцэн бүхнийг мэдэгч болтугай

Асар хатуу мянга мянган бясалгал ба
Аугаа бурхдын сэтгэшгүй тогтоолууд
Арилсан сэтгэлийн ариун үйлсээр би
Арван хүчтэний дээд болох болтугай

Ачлалт бурхад энэрлийн сэтгэлээр
Авралдаа багтааж болгоон соёрх
Асрахуй энэрэхүйн төгс сэтгэлээр
Алдаа эндүүрлийг минь өршөөгтүн

Өмнөх галвуудад үйлдсэн нүгэлдээ
Өнөөдөр би харамсан халаглаж
Өөрт учрах аюулаас айсан миний
Өр зүрх шаналан түгших болов
Амьтан бүгдийг аюулаас аврагч
Асран хайрлагч хамаг бурхад минь
Айдаст баригдсан зовлонт намайг
Аймшигт явдлаас салгаж өгөөч
Наран мэт ивээгч түүнчлэн залрагсад
Намайг ивээлдээ багтаан соёрхогтүн
Нүгэл хилэнцээр хиртсэн сэтгэлийг минь
Нигүүлсэхүйн рашаанаар ариусгаж хайрла
Эрт, эдүүгээн хилэнц бүхнээ
Эцэслэн хааж арилган үйлдье
Эндүүрч алдсан нүгэлт явдлаа
Эгшин бүрд нуулгүй наманчилъя
Арван хар хэмээх нүгэл бүхнийг
Асар хичээж үндсийг нь таслая
Арван цагаан буяны үйлсээр
Ариун явдлын зам мөрд оръё
Амьтан хүний ертөнцөд үйлдсэн
Ариун цагаан буяныг даган баясъя
Аливаа бие, хэл, сэтгэлийн буянаар
Арилсан сэтгэлийг олох болтугай
Атгаг сэтгэлийн мунхагаар үйлдсэн
Ариун бус явдал, нүгэл хилэнцээ
Арван хүчтэний нүдний өмнө очиж
Алагчлалгүйгээр адилхан наманчилъя
Хорвоогийн гэм, төрлийн доройтол
Хуурамч явдал, биеийн гэм хийгээд
Хүний орчлонгийн элдэв шалтгаанаар
Хилэнц хураасан бүгдийг наманчилъя
Тэнэг мунхаг, уур хилэн, шунал тачаал
Тэрсүүт нөхрийн гэм, цагийн доройтол
Тэрчлэн буян хураахад тээртэй бүхнийг
Тэнцэшгүй бурхдын өмнө наманчилъя
Ялж төгс нөгцсөн туулсан бурхад
Яндашгүй далай мэт тогтоол ном
Ялгуусан бүхэнд авралыг одуулж
Ямагт тэдгээрт оройгоороо мөргөе
Алтан өнгөт хиргүй гэрэлт лагшин
Ариун тунгалаг биндэръя мэлмий
Аугаа наран мэт цог жавхлан төгс
Асар үзэсгэлэнтэй ялгуусан бурхан
Атаа хорслын галаар шаналсан
Амьтан хүний зовлонг арилгаж
Атгаг сэтгэлийн мунхаг харанхуйг
Арван тавны саран мэт гийгүүлэгч
Гучин хоёр үзэсгэлэнтэй билиг чанар
Гуа сайхан наян найраг бүхий лагшин
Гэрлийн цацрагаар шагласан тор мэт
Гурван ертөнцийг гийгүүлэгч наран мэт
Үзэсгэлэнт өнгө өнгийн биндэръя мэт
Үлэмжийн чанар төгс гэрлэн чимэгтэй
Үе гишүүн нь үүрийн туяа мэт улаан
Үнэхээр туулсан бурхан наран адил тул
Буурал доройтол, үхлийн хямарсан ус ба
Бусармаг орчлонгийн нүгэлт гол цутгасан
Бууршгүй аривжих далай мэт зовлонгууд
Бурхан таны ивээсэн нарны гэрэлд хатна

Очир эрдэнэ хийгээд алтан өнгөт бие
Оюун билиг гарах гурван ертөнцийн
Онцгой билиг чанараар чимэглэгдсэн
Оройн дээд бурхны лагшинд мөргөмүй
Тэнгис далайн усан сан мэт хэмжээлшгүй
Тив дэлхийн чулуу шороо мэт барагдашгүй
Тэнгэр огторгуйн цаад зах мэт хязгааргүй
Түүнчлэн залрагсдын эрдэм тэр мэт тул
Усан сан далай тэнгисийн дусал хийгээд
Уул толгодын чулуу шорооны ширхэгийг
Уйгагүй олон галавт тоолж чадлаа гэхэд
Увидаст бурхдын эрдмийг мэдэж чадахгүй
Алдар, эрдэм, өнгө, эгшиг хийгээд
Асар сайн наян найраг зохицсон
Аугаа бурхдын лагшин ямар мэт
Амьтан бүгд тийм болох болтугай
Одоо миний үйлдэж буй энэ буянаар
Олон хүмүүс бурхан болох болтугай
Орхилгүй хамаг амьтанд ном айлдаж
Орчлонгийн зовлонг арилгах болтугай
Асури шулмын аймгийг номхотгож
Алгасалгүй номын хүрдийг эргүүлэн
Асар олон галвыг шантралгүй туулж
Амьтныг рашаанаар хангах болтугай
Урьдын бурхад хэрхэн яаж туулсан мэтээр
Уршигт зовлон, хилэнцэт сэтгэлээ дийлж
Уур, мунхаг, шунал гурван гэмийг арилган
Ухралтгүй чанадын хязгаарт хүрэх болтугай
Түм буман жилийн өмнөх цаг үеийн
Төрөл угсаагаа би тодорхой санан
Түүнчлэн залрагсдыг үргэлж дурсаж
Тогтоол зарлигийг нь дагах болтугай
Би энэхүү наманчлал залбирлын ачаар
Бурхантай ойртон нөхөрлөх болтугай
Буруу хазгай үйлдсэн гэмээ арилгаж
Буяны мөрөөр үргэлж явах болтугай
Элдэв газар орны хамаг амьтан
Энэлэл шаналалгүй явах болтугай
Эрхтэн дутуу зовлонт хүмүүс бүгд
Энэ өдрөөс эхлэн эрүүл болтугай
Аюулт өвчинд баригдаж шаналаад
Арван зүгээс авралгүй болж цөхрөгсөд
Асар түргэн эрүүл саруул болоод
Арга ухаан, хүч чадлыг олох болтугай
Атаатан дайсан, хулгайч дээрэмчин ба
Авралгүй хааны дарлалд нэрвэгдэгсэд
Аюул хөнөөл, гай гамшиг учруулсан
Аймшигт тэр зовлонгоос хагацах болтугай
Баригдаж хоригдох, балбаж зодуулах ба
Барагдаж хоосрох тэр бүх зовлон эдлэгсэд
Бүх зовлонгоосоо үтэр түргэн чөлөөлөгдөж
Бүрэн эрх чөлөөтэй, аюулгүй амьдрах болтугай
Хоол ундгүй өлсөгчид идээ ундаатай
Хоёр нүдгүй сохрогсод хараатай болж
Хувцас хунаргүй ядуус эд хөрөнгөтэй
Хоосон таг дүлий нь сонор болтугай
Энэлэл шанал, гамшигт нэрвэгдэгсэд
Элдэв бэрхийг амсавч хор үл болж
Энх амгалангийн төгс жаргалыг олж
Эрдэнэсийн сангаар дүүрэх болтугай
Эд хөрөнгө, эдлэл чимэглэл хийгээд
Эрдэнэ сувд, идээ ундаагаар бялхаж
Эргэн тойронд нуур, цэцэг жигдэрч
Эгшигт хөгжим, хэнхэрэг цан дуурсаж
Аливаа ертөнц бүгд гаслан зовлонгүй
Амьтан хүн бие биенээ илт хүндэтгэж
Асрал энэрэлээр харилцан шүтэлцэж
Амар амгалан төгс жаргах болтугай
Хүний ертөнц баяр жаргалаар дүүрч
Хүсэл мөрөөдөл нь сэтгэлчлэн биелж
Хичээсэн үйлс бүхэн санаснаар бүтэж
Хиргүй буяны үр маш дэлгэрэх болтугай
Гоёхон үнэрт тансаг цэцэгс дэлгэрч
Гурван улиралд хүмүүс түүнээс авч
Гуа үзэсгэлэн төгс төгөлдөр болоод
Гэрт гадаагүй баясан цэнгэх болтугай
Арилсан сэтгэлт баатар, сонссоноо дуурсгагч
Ачит бурхад түүнчлэн залрагсад хийгээд
Ариун дээд номын зарлигийг шүтэгчид
Арван зүгт үргэлж тахил өргөх болтугай
Амьтад доод төрлөөс ангижирч
Амсхийх чөлөөгүй ертөнцийг орхиж
Авралт бурхны ивээлд багтаснаар
Ариун дээд төрлийг олох болтугай
Язгууртан дээд төрлийг олсноор
Яндашгүй баялгийн санг эзэгнэж
Яруу алдар, сүр жавхлангаараа
Ямагт галав бүхэнд чимэг болтугай
Хамаг эмэгтэйчүүд эрчүүд адил
Хатан зоригтой, мэргэн болоод
Хайр энэрэл, арилсан сэтгэлээр
Хязгааргүй чанадад хүрэх болтугай
Арван зүгийн эрдэнэт модны дэргэд
Алтан өнгөт олбог дээр заларсан бурхад
Ариун дээд номлол айлдахыг үзээд
Анхааран сонсож гэгээрэх болтугай
Учир шалтгаанаар төрөх хорвоод
Урьдын үйлдсэн миний хилэнц ба
Уршигт муу үйлийн үр дагавар бүгд
Уг үндэсгүйгээр барагдах болтугай
Хөдлөхийн аргагүй хатуу уяагаар
Хүслийн хорвоод уягдсан амьтад
Хүчит оюунаар хүлээсээ тайлж
Хүнд зовлонгоос хагацах болтугай
Өнгөт хорвоогийн хүмүүн хийгээд
Өөр ертөнцийн амьтад байсан ч
Өглөг буяныг сайтар үйлдвэл, би
Өгөөмөр сэтгэлээр даган баясъя
Хэл, бие, сэтгэлээр бүтсэн үйл ба
Хэн бүхний буяныг даган баяссан
Хэрэг явдал, ерөөлийн ачаар би
Хэмжээлшгүй дээд хутгийг олсугай
Үргэлж сэтгэлийн хирийг арилгаж
Үнэхээр арилсан сэтгэлийг шүтсэн
Үгээр илэрхийлсэн ерөөл үүгээр
Үгээгүй муу заяаг тэвчих болтугай
Энэхүү шүлгийг уншсан, сонссон хэн ч
Эрхэм дээд бурхдыг шүтэн наманчилж
Эрт ба эдүүгээн бүх төрлөө санаад
Эрүүл мэнд, эрдэм буян тэгшрэх болтугай
Тансаг хэмнэлт хэнгэргийн номлолыг
Таалан сонсож, наманчилсан амьтад
Түмэн бурхадтай учирснаас ч илүү
Төгс амгаланг олох болтугай хэмээн өгүүлэх Үзэсгэлэнт охийн шүлгийг сонсоод, Бурхан багш: “Тун сайн байна, язгууртны хөвгүүн ээ. Чиний зүүдэнд үзэгдсэн алтан хэнгэрэгтээс түүнчлэн залрагсдын алдрыг магтаж, хилэнцийг наманчилсан эдгээр шүлгүүдийг сонссон хэн бүхний нүгэл хилэнц арилснаар, агуу их буяны цогцос бүтээн, олон амьтнаа тус хүргэж, амар амгалан жаргахыг мэдэгтүн. Энэ мэтийн явдлаар явагсад урьд өмнө түүнчлэн залрагсдыг магтаж, их ерөөлийг тавьсны ачаар бурхнаас авшиг хүртсэн тул энэ бүхнийг сонсох хувь тавилантай ажгуу” хэмээхэд тэнд чуулагсад бүгд Бурхан багшийн зарлигийг ихэд хүндэтгэн сайшаав.
“Судруудын аймгийн эрхэт хаан, хутагт дээд алтангэрэлт судар” –ын хэсгээс
Төвд хэлнээс хөрвүүлсэн Ж.Дорж

No comments:

Post a Comment